Төвийн бүсийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилт 90 гаруй хувьтай, хэвийн үргэлжилж байна. Тус хоёр уурхайн хувьд, машин механизмын ашиглалтын хугацаа дуусаж, насжилт хэтэрснээс хөрс хуулалт, олборлолтын ажил удааширч, хүндрэл үүсээд байжээ.
Харин Засгийн газар болон толгой компани "Эрдэнэс Монгол"-ын зүгээс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтээр 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны шинэчлэлийг тус уурхайнуудад хийж эхэллээ.
Тухайлбал, Багануурын уурхайд нүүрсний 60 тоннын машин, хөрс овоолгын бульдозер зэрэг 10 гаруй машин механизм нийлүүлсэн. Ингэснээр цаг агаарын хүндрэлээс шалтгаалж саатсан хөрс хуулалтын ажлыг нөхөж, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болжээ. Мөн Шивээ-Овоогийн уурхайд технологийн таван автомашин, хоёр эксковатор худалдан авч, техник технологийн шинэчлэл хийлээ.